89 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

89 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

89.1.Санал авах өдрийн 07.00 цагт санал авах байрны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан дараах ажиллагааг доор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэж тэмдэглэл үйлдэнэ:

89.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;

89.1.2.саналын хуудасны индекс, дугаарыг мэдээлэх;

89.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр дахин нэг саналын хуудас авч саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

89.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авахад бэлэн болгох;

89.1.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхдээ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар сонгогчийн бүртгэлийн хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулах.

89.2.Санал авч эхлэхийн өмнөх ажиллагааг дууссаны дараа сонгогчдын саналыг авч эхэлнэ.

89.3.Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулах ба тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

89.4.Гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болно.

89.5.Сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

89.6.Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хуудас олгоно.

89.7.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

89.8.Хувь тэнцүүлсэн сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу Сонгуулийн ерөнхий хороо жагсаан хэвлэж, сонгогч бүрд өгнө.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

89.9.Санал авах ажиллагаанд сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

89.10.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

89.11.Санал авах өдрийн 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана.

89.12.Энэ хуулийн 89.10-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

89.12.1.нам, эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

89.12.2.бусад этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

89.13.Энэ хуулийн 89.1, 89.2, 89.3, 89.5, 89.7, 89.9-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.