90 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

90 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

90.1.Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:

90.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;

90.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;

90.1.3.захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

90.1.4.байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;

90.1.5.санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал.

90.2.Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

90.3.Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

90.4.Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, тэдгээрээс санал авах чиглэл, хуваарийг гаргана.

90.5.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

90.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

90.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

90.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

90.8.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

90.8.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

90.8.3.ажиглагч.

90.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд хоёроос доошгүй, өөр өөр намын төлөөлөл бүхий ажиглагчийг оролцуулна.

90.10.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг энэ хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага баталж мөрдүүлнэ.

90.11.Энэ хуулийн 90.6, 90.7-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.