25 дугаар зүйл. Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага
25.1.Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:
25.1.1.олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж;
25.1.2.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив.
25.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвхөн доор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.2.1.эмнэлгийн үйлчилгээ;
25.2.2.бүх шатны боловсролын үйлчилгээ;
25.2.3.соёлын үйлчилгээ.
25.2.4.хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
25.3.Төсвийн ерөнхийлөн захирагчийн авах тусламж, хандивын хэмжээ тухайн төсөвт байгууллагын батлагдсан төсвийн 50 хувиас хэтрэхгүй байна.
25.4.Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно:
25.4.1.санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;
25.4.2.байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.
25.5.Дараах тохиолдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн төсвийн байгууллага хандив, тусламж авахыг хориглоно:
25.5.1.хандив, тусламж өгсөн этгээд нь төсвийн байгууллагын хэрэгцээнд өөрийн барааг худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлдэг байх;
25.5.2.байгууллагын ажилтны энэ хуулийн 25.4.2-т зааснаас бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байх.
25.6.Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална.
25.7.Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.
25.8.Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
25.9.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээд татвар ногдуулсны дараах ашгаас хандив, тусламж өгнө.
25.10.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно.
25.11.Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.12.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тусламжийн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
25.13.Энэ хуулийн 25.11-д заасан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, журмын биелэлтийг хангуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.14.Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон буяны байгууллагаас буцалтгүй тусламж болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаатай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/