24 дугаар зүйл. Төсвийн зарлага

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Төсвийн зарлага

24.1.Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.2.Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өөрөө санхүүжүүлснээс бусад хэлбэрээр төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал, хувь оролцоо, дүрмийн санд оруулсан хөрөнгө, түүнтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна.

24.3.Татварын зарлагыг нэр төрөл, салбар бүрээр нь төлөвлөж, төсвийн гүйцэтгэлд тусган дэлгэрэнгүй тайлагнана.

24.4.Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.

24.5.Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан байна.

24.6.Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

24.7.Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд болон орон нутагт ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөгт зориулж зарцуулахыг хориглоно /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.