29 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төсөвлөлт
29.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шинээр болон үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бэлтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргасан байна.
29.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг дараах байдлаар жилийн төсвийн төсөлд тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
29.3.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хязгаарт багтаах;
29.3.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах;
29.3.3.нэг жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төслийг хөтөлбөр болон төсвийн ерөнхийлөн захирагчаар тооцож тусгах;
29.3.4.санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгах;
29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
29.3.6.тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.
29.5.Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэгэн адил мөрдөнө.
29.6.Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.7.Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө.
29.8.Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй.