35 дугаар зүйл. Төрийн сангийн нэгдсэн данс

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Төрийн сангийн нэгдсэн данс

35.1.Санхүүгийн хөрөнгийг Монголбанкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана.

35.2.Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна.

35.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.

35.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.5.Банкинд төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур нээсэн төсвийн байгууллагын дансанд тухайн шатны төрийн сан болон төрийн аудитын байгууллага үзлэг, хяналт хийн, энэ хуулийн 35.3-т заасан зөвшөөрөлгүйгээр нээсэн дансыг хаалгах, хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд татан төвлөрүүлнэ.

35.6.Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх, түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанктай хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.