36 дугаар зүйл. Төрийн сангийн тогтолцоо

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Төрийн сангийн тогтолцоо

36.1.Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид "төрийн сан" гэх/-оос бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.2.Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны Захирагчийн ажлын албаны дэргэд байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.3.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон төсвийн хэмжээг нь харгалзан төрөлжүүлж, тэдгээрт хамаарах төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн алба байгуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх алба байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.5.Энэ хуулийн 36.3-т заасан алба байгуулсан тохиолдолд төсвийн байгууллагад уг албатай давхардсан чиг үүрэг хэрэгжүүлэх орон тоо бий болгохыг хориглоно.

36.6.Төв төрийн сан нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.