45 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт

45.1.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно:

45.1.1.урсгал төсвөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ нь буурсны улмаас бий болсон үлдэгдлийг;

45.1.2.төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлын үр ашгийг нэмэгдүүлж, чанарыг бууруулахгүйгээр нэгжид ногдох өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг;

45.1.3.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр нэгжийн өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг.

45.1.4.техник, технологийн өөрчлөлт хийх зэргээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулснаас бий болсон үлдэгдэл;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.1.5.энэ хуулийн 14.2.12, 16.5.9-т заасны дагуу зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоосны улмаас орон тоо буурсан бол түүнд ногдох цалин хөлс, бусад урсгал зардлын үлдэгдэл;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.1.6.төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хүрэх үр дүн чанарыг нь бууруулахгүйгээр илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон үлдэгдэл.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.2.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ:

45.2.1.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол;

45.2.2.төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.3.хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.4.төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.