46 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журам
46.1.Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.
46.2.Энэ хуулийн 46.1-д заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
46.3.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:
46.3.1.эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх;
46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;
46.3.3.нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
46.3.4.тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх.
46.4.Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно.
46.5.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараахь арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:
46.5.1.байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах дараахь тохиолдолд:
46.5.1.а.ажилтны цалин хөлсийг хуульд заасан хугацаанд олгох боломжгүй байдалд хүрсэн;
46.5.1.б.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулсан.
46.5.2.төсвийн жилд, эсхүл дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар өр төлбөр үүсгэх;
46.5.3.зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолтын зардлыг санхүүжүүлэх;
46.5.4.байнгын орон тоо, шинэ бүтэц бий болгох замаар урсгал зардал нэмэгдүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
46.6.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагад энэ хуулийн 44.5.1, 46.3 хамаарахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/