47 дугаар зүйл. Нэмэлт төсөв
47.1.Төсвийн захирагч нь дараах нэмэлт төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно:
47.1.1.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж;
47.1.2.төсвийн жилийн явцад Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээ болон олон улсын байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл;
47.1.3.Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгө, түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс зохих байгууллагын шийдвэрийн дагуу тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
47.1.4.дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө;
47.1.5.төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого;
47.1.6.төсвийн урамшуулал. /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
47.1.7.Эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэлт орлого.
/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
47.1.8.гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын олсон нэмэлт орлого. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
47.2.Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.
47.3.Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ӨМЧ ХӨРӨНГӨ, БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР
/Энэ бүлгийн гарчигт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/