6 дугаар зүйл. Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх

6.1.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах;

6.2.2.жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх;

6.2.3.урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх;

6.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байх;

6.2.5.төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.

6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.6.б.төсөвт төвлөрүүлэх татвар болон төлбөрийн хэмжээг бууруулах бол мөн хэмжээгээр зардлыг бууруулах.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.6.в.Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хамаарах өөрчлөлт нь энэ хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шаардлагыг хангасан байх. /Энэ дэд заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.7.төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөрийн үр дүн болон гарцыг шалгуур үзүүлэлтийн хамт тодорхойлж баталж, хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах;

6.3.2.санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах;

6.3.3.төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын өрийн баталгаа, гадаад зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах;

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.4.төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх.

6.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;

6.4.2.төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.4.3.иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах;

6.4.4.хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох;

6.4.5.төсвийн захирагч төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй байх;

6.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх;

6.4.7.төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх;

6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.

6.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

6.5.3.төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.4.төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.5.хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

6.5.6.төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх.

6.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.6.1.төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;

6.6.2.төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх;

6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;

6.6.4.төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх;

6.6.5.орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх;

6.6.6.тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.