5 дугаар зүйл. Хувьчлах ажлын удирдлага, хяналт шалгалт
1. Өмч хувьчлах ажлыг улсын хэмжээнд БНМАУ-ын Засгийн газар, засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжид тухайн Ардын Хурал, түүний гүйцэтгэх захиргаа нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
2. Улс, орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг БНМАУ-ын хууль тогтоомж, БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурал, түүний гүйцэтгэх захиргааны шийдвэрийн дагуу эрхлэн зохион байгуулж, аргачилсан удирдлагаар хангах, тодорхой эд хөрөнгө хувьчлах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Өмч хувьчлалын комиссыг БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын дэргэд байгуулж ажиллуулна.
Өмч хувьчлалын комиссын бүрэн эрх, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг энэ хуулийг үндэслэн БНМАУ-ын Засгийн газар тодорхойлно.
3. Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
4. Хувьчлах ажилд олон нийтийн төлөөлөгчдийг оролцуулах, тэднээс хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд үйлдвэрийн захиргаа нь өмч хувьчлах ажилд туслах комисс байгуулан ажиллуулж болно.