17 дугаар зүйл. Олон улсын гэрээг батлах
17.1.Засгийн газар заавал соёрхон батлах шаардлагатай, эсхүл гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээнээс бусад гарын үсэг зурсан хоёр талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох журмын дагуу хэлэлцэн дэмжсэн бол тухайн хоёр талт олон улсын гэрээг батлах тухай тогтоол, дэмжээгүй бол хуралдааны тэмдэглэл гаргана.
17.2.Энэ зүйлийн 17.1-д заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээ гэдэгт гэрээний талууд түүнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох зохицуулалтыг агуулсан олон улсын гэрээг ойлгоно.
17.3.Засгийн газар гарын үсэг зурсан олон талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, энэ хуулийн 13.1.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, олон улсын гэрээнд тайлбар хийх талаархи саналыг хэлэлцэн дэмжсэн бол тухайн олон талт олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоол, дэмжээгүй бол хуралдааны тэмдэглэл гаргана.
17.4.Засгийн газар олон улсын гэрээг батлахдаа тайлбар хийхээр шийдвэрлэсэн бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолд энэ тухай тусгай заалт оруулна.
17.5.Засгийн газар олон талт олон улсын гэрээг батлахдаа тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосон бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолд энэ тухай тусгай заалт оруулна.
17.6.Хууль тогтоомжид өөрчлөлт орсны улмаас энэ зүйлийн 17.5-д заасан гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага өөрчлөгдсөн бол энэ өөрчлөлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат шугамаар холбогдох олон улсын байгууллага, олон улсын гэрээний нөгөө, эсхүл бусад талд мэдэгдэнэ.