16 дугаар зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлах
16.1.Засгийн газар гарын үсэг зурсан заавал соёрхон батлах хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, тухайн гэрээний эх бичвэрийн хуулбар, шаардлагатай бол тухайн олон улсын гэрээний энэ хуулийн 7.4, 7.5-д заасны дагуу хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга болон холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
16.2.Засгийн газар гарын үсэг зурсан заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, тухайн олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, тухайн олон улсын гэрээний энэ хуулийн 7.6-д заасны дагуу хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга болон холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
16.3.Улсын Их Хурал энэ зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу өргөн мэдүүлсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль, дэмжээгүй бол хуулийн төслийг Засгийн газарт буцаах тухай тогтоол гаргана.
16.4.Улсын Их Хурал олон талт олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр шийдвэрлэсэн бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуульд энэ тухай тусгай заалт оруулна.
16.5.Улсын Их Хурал олон улсын гэрээг соёрхон батлахдаа тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосон бол уг олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуульд энэ тухай тусгай заалт оруулна.
16.6.Хууль тогтоомжид өөрчлөлт орсны улмаас энэ зүйлийн 16.5-д заасан гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага өөрчлөгдсөн бол энэ өөрчлөлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат шугамаар холбогдох олон улсын байгууллага, олон улсын гэрээний нөгөө, эсхүл бусад талд мэдэгдэнэ.
16.7.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслөөр Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулахгүй.