21 дугаар зүйл. Тайлбар хийх, эсэргүүцэх, эгүүлэн авах

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Тайлбар хийх, эсэргүүцэх, эгүүлэн авах

21.1.Улсын Их Хурал, Засгийн газар олон талт олон улсын гэрээг соёрхон батлах, батлахдаа тайлбар хийсэн бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан Монгол Улсын хууль, баталсан Засгийн газрын тогтоолыг орчуулж тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу холбогдох улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна.

21.2.Энэ зүйлийн 21.1-д заасны дагуу үйлдсэн тайлбарыг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичигтэй хамт хүргүүлнэ.

21.3.Олон талт олон улсын гэрээнд тайлбар хийх саналыг боловсруулахдаа тухайн олон улсын гэрээгээр тайлбар хийх боломжтой эсэх, тайлбар хийх боломжит хүрээ, тухайн олон улсын гэрээний бусад талын, эсхүл олон улсын байгууллагын зөвшөөрөл шаардлагатай эсэх зэрэг зохицуулалтыг харгалзана.

21.4.Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

21.5.Олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар шийдвэрлүүлнэ.

21.6.Соёрхон баталсан олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах шийдвэрийг Засгийн газар гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.