20 дугаар зүйл. Олон улсын гэрээг баталсан баримт бичгийг харилцан солилцох, хадгалуулах
20.1.Хоёр талт олон улсын гэрээг баталсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг баталсан тухай ноот бичиг, эсхүл харилцан тохиролцсон бусад баримт бичгийг олон улсын гэрээний нөгөө талтай харилцан солилцоно.
20.2.Олон талт олон улсын гэрээг баталсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг баталсан тухай баримт бичгийг олон улсын эрх зүйн тогтсон томьёоллын дагуу хоёр хувь үйлдэнэ.
20.3.Олон талт олон улсын гэрээг Засгийн газар баталсан тухай баримт бичигт гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тамга дарна.
20.4.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон талт олон улсын гэрээг Засгийн газар баталсан тухай баримт бичгийг тухайн олон улсын гэрээний эх хадгалагч улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлж, хадгалуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.