3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог;

3.1.2."бүрэн эрхийн итгэмжлэл" гэж Монгол Улсыг төлөөлж олон улсын гэрээнд гарын үсэг зурах зэрэг Монгол Улс олон улсын гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлэх болон гэрээтэй холбоотой бусад үйлдлийг гүйцэтгэх эрхийг эрх бүхий байгууллагаас тодорхой албан тушаалтанд олгосныг нотолж байгаа баримт бичгийг;

3.1.3."батламж жуух бичиг" гэж олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон баталж хууль гаргасныг нотолж байгаа баримт бичгийг;

3.1.4."олон улсын гэрээ байгуулах" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай харилцан тохиролцсон болон тухайн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцох, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох, эдгээртэй адилтгах бусад аргаар тухайн олон улсын гэрээг заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрсөн үйлдлийг;

3.1.5."гэрээнд нэгдэн орох" гэж хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг Монгол Улс тухайн гэрээгээр хүлээн зөвшөөрсөн арга, энэ хуульд заасны дагуу заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрсөн үйлдлийг;

3.1.6."олон улсын байгууллага" гэж улс болон Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах зохион байгуулалтын бусад нэгдлийг;

3.1.7."тайлбар" гэж олон улсын гэрээ байгуулахдаа тухайн гэрээний тодорхой заалтыг Монгол Улсын хувьд хэрэгжүүлэхэд хуулийн үйлчлэлийг нь хасах, эсхүл өөрчлөх зорилгоор энэ хуульд заасны дагуу гаргасан мэдэгдлийг;

3.1.8."гарын үсэг зурах" гэж энэ хуульд заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж олон улсын гэрээнд гарын үсэг зурах үйлдлийг хэлэх бөгөөд гарын үсгийн эрх зүйн чадамж, үр дагавар нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, энэ хууль, тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдохыг;

3.1.9."үзэглэх" гэж олон улсын гэрээний төслийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай эцэслэн тохиролцсоныг нотлох зорилгоор эрх олгогдсон албан тушаалтан өөрийн эцэг /эх/-ийн болон нэрийн эхний үсгээр олон улсын гэрээний төслийн хуудас бүрд хийсэн тэмдэглэгээг;

3.1.10."гэрээний баталсан буюу жинхэлсэн эх бичвэр" гэж Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 9, 10 дугаар зүйлд заасны дагуу талууд олон талт олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцож, баталгаажуулсан гэрээний эх бичвэрийг;

3.1.11."олон улсын гэрээг хүчин төгөлдөр болгоход тавигдах дотоодын шаардлагыг хангах" гэж энэ хуульд заасны дагуу тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах үйлдлийг.

3.2.Энэ хуульд заасан олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн, гэрээг хариуцан байгуулж байгаа, байгуулсан, гэрээг хэрэгжүүлэх, гэрээний хэрэгжилтийн тайланг боловсруулах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол тухайн чиг үүргийг хүлээсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл төрийн бусад байгууллагыг төрийн захиргааны төв байгууллагатай адилтгаж ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.