18 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
18.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.3.хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах;
18.1.4.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөх;
18.1.5.сум, хороонд хамтарсан баг байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
18.1.6.хуульд заасан бусад.