19 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг
19.1.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
19.1.2.хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
19.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
19.1.4.орон нутгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон төлөвлөгөөний төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.1.5.тухайн шатны жилийн төсвийн төсөлд нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
19.1.7.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;
19.1.8.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа этгээд, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;
19.1.9.хуульд заасан бусад.