20 дугаар зүйл. Хамтарсан баг
20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум болон хорооны нийгмийн ажилтан, сургуулийн, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, баг, хорооны Засаг дарга ахална. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.Хамтарсан баг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.2.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;
20.2.2.хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;
20.2.3.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
20.2.4.хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
20.2.5.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;
20.2.6.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх.
20.3.Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын, хууль зүйн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага нь хамтарсан багийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, чиглэл өгч ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./