23 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

23.1.Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад мэдээлэх үүрэгтэй: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.1.бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;

23.1.2.эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;

23.1.3.сум, баг, дүүрэг, хорооны холбогдох албан тушаалтан; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.4.төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.

23.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад мэдээлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.

23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.

23.5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.

23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй.

23.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг задруулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.