24 дугаар зүйл. Сум, баг, хорооны Засаг даргын үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.Сум, баг, хорооны Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг шуурхай авах үүргийг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.1.хүчирхийлэл үйлдэгчийг дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх;
24.1.2.хохирогчийг эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай бол хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;
24.1.3.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллээр хангах;
24.1.4.хохирогчийн зөвшөөрснөөр харьяа сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;
24.1.5.хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч, гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
24.1.6.энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5-д заасны дагуу авсан арга хэмжээний талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэж, холбогдох тэмдэглэлийг шилжүүлэх;
24.1.7.хуульд заасан бусад.
24.2.Сум, баг, хорооны Засаг дарга хохирогч бие махбод, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол хүлээсэн, хохирч болзошгүй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй гэж үзвэл хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа сум, баг, хорооны нийгмийн ажилтанд, эсхүл сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./