30 дугаар зүйл. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах
30.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, баг, хорооны Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.1.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх;
30.1.2.энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг авах боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад этгээд, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;
30.1.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх.
30.1.4.хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.
30.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.3.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг цагдаагийн алба хаагч, сум, баг, хорооны Засаг дарга, харьяа сум, баг, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, эсхүл хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтантай хамтран хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.4.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдэлийн зэрэг дунд, өндөр, эсхүл дараахь нөхцөл байдлыг байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:
30.4.1.хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;
30.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;
30.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;
30.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;
30.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.
30.5.Цагдаагийн алба хаагч, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 30.1-д заасан иргэн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.6.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд долоо, түүнээс дээш настай бол энэ хуулийн 30.1.2-т заасан этгээд, гэр бүлийг сонгоход түүний саналыг харгалзана.
30.7.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
30.8.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан нөхцөлд хүчирхийлэл үйлдэгчийн тухайн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана.
30.9.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан үед хүчирхийлэл үйлдэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
30.10.Шаардлагатай бол энэ хуульд заасан үйлчилгээнд тухайн гэр бүлд амьдарч байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй хамаарал бүхий бусад хүүхдийг хамруулж болно.
30.11.Хүүхдийн түр хамгаалан байрлуулах үйлчилгээг төрөлжүүлэн зохион байгуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
АЮУЛЫН ЗЭРГИЙН БОЛОН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ