27 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэний үүрэг
27.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
27.1.1.төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
27.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх;
27.1.3.төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
27.1.4.нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх;
27.1.5.албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;
27.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.