30 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлын зохион байгуулалт
30.1.Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг Засгийн газар уялдуулан зохицуулна.
30.2.Тагнуулын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тагнуулын байгууллага улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах бүтцийн нэгжтэй байна.
30.3.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлагыг тэдгээрийн удирдлага хүлээнэ.
30.4.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь төрийн болон албаны нууцтай холбоотой ажлын цар хүрээ, ачааллаас хамааран тэдгээрийн удирдлагад шууд захирагдах төрийн болон албаны нууцыг хамгаалах нэгж, эсхүл ажилтантай байна.
30.5.Төрийн болон албаны нууцыг хамгаалах нэгжийн чиг үүрэг, эрх зүйн байдлыг төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай нийтлэг журам болон өөрийн онцлогт нийцүүлэн баталсан тухайн байгууллагын дотоод журмаар тогтооно.
30.6.Төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад заасны дагуу хууль зүй, зохион байгуулалтын, техникийн болон бусад арга хэмжээний тусламжтайгаар хэрэгжүүлнэ.