31 дугаар зүйл. Төрийн болон албаны нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, бүртгэх, тээвэрлэх, илгээх, устгах
31.1.Төрийн болон албаны нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, шилжүүлэх, тээвэрлэх, илгээх, бүртгэх, устгах, бүрэн бүтэн байдлыг хангах болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагааг энэ хууль болон Засгийн газрын баталсан төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.
31.2.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор энэ зүйлийн 31.1-д заасан нийтлэг журамд нийцүүлэн дотооддоо дагаж мөрдөх төрийн болон албаны нууцыг хамгаалах журам тогтоож болно.
31.3.Төрийн нууцыг хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд илгээх, хүлээн авахад түүнийг биечлэн хүргэх тусгай шуудан зөөгч ашиглаж болно.
31.4.Хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд тусгай шуудан хүргэх, хүлээн авахтай холбогдсон харилцааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, тагнуулын байгууллагын даргын хамтарсан тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна.