7 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх

7.1.Гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгснөөс бусад төрийн болон албаны нууц нь Монгол Улсын төрийн өмч байна.

7.2.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хариуцсан, эсхүл өөрт байгаа төрийн болон албаны нууцыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж хамгаална.

7.3.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, эсхүл хохирол учруулах мэдээлэл, түүний тээгчийг нууцлах шаардлагатай гэж үзвэл өмчлөгчтэй зөвшилцөн түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр төрийн өмчид авч болно.

7.4.Энэ зүйлийн 7.3-т заасан өмчлөгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээний талаар харилцан тохиролцож чадаагүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, баталгаажуулсан үнээр нөхөн төлбөрийг тооцно.

7.5.Энэ зүйлийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, түүний тээгчийг төрийн өмчид авах эсэхийг эрх бүхий байгууллагын санал, тагнуулын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.6."Онц чухал нууц" зэрэглэлээс бусад зэрэглэлийн төрийн нууц, албаны нууцыг гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан нууц мэдээллийг харилцан хамгаалах гэрээ, хэлэлцээр, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн шилжүүлэн өгч болно.

7.7.Энэ зүйлийн 7.6-д заасан гэрээ, хэлэлцээр байгуулаагүй гадаад улс, олон улсын байгууллагад албаны нууцыг шилжүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол тухайн байгууллагын удирдлага зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.