25 дугаар зүйл. Улсын хил орчмын дэглэмийн агуулга

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Улсын хил орчмын дэглэмийн агуулга

25.1.Улсын хил орчмын дэглэмийн агуулга нь хилийн зурвас, боомт, бүсэд мөрдөх журмаас бүрдэнэ.

25.2.Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэг жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.3.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл хүсэгч иргэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.3.1.хүний тоо, зорилго, хугацаа, замнал, байрлах газар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.3.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, гадаадын иргэн бол хүчин төгөлдөр паспортын хуулбар, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.3.3.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.4.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.4.1.үйл ажиллагаа явуулах зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан, бүдүүвч зураг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.4.2.байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.4.3.тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн жагсаалт, тэдгээрийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.4.4.ажилтны нэр, иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол хүчин төгөлдөр паспортын хуулбар, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуулбар. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.5.Энэ хуулийн 26.2.2-т заасны дагуу Засгийн газраас олгосон эрх, тусгай зөвшөөрлийн дагуу улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хилийн зурвас, бүс, боомтод нэвтэрч үйл ажиллагаа явуулахад энэ хуулийн 25.4-т заасан баримт бичгийг бүрдүүлж, энэ хуулийн 25.2-т заасан байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.6.Энэ хуулийн 25.3, 25.4-т заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.7.Хил хамгаалах ерөнхий газар болон орон нутагт байрлах хилийн анги /салбар/ холбогдох баримт бичгийг үндэслэн улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрлийг тухай бүр шуурхай олгох бөгөөд нэмэлт тодруулга авах тохиолдолд ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.8.Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх нислэгийн бүрэлдэхүүнд хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын зөвшөөрлийг үндэслэн олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.9.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.10.Зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахдаа хилийн дэглэмийн гэрээ, энэ хууль, бусад хууль болон холбогдох дүрэм, журам, хил хамгаалах байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.11.Энэ хуулийн 25.10-т заасныг зөрчсөн тохиолдолд улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.