26 дугаар зүйл. Улсын хилийн зурвас, түүнд мөрдөх журам, хориглох зүйл

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26.1.Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.

26.2.Улсын хилийн зурваст дараахь журмыг мөрдөнө:

26.2.1.улсын хилийн зурваст нэвтрэх иргэн нь Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;

26.2.2.улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх;

26.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах;

26.2.4.улсын хилийн зурваст мөрдөх журмын биелэлтэд улсын хил хамгаалах байгууллага хяналт тавьж, шалгалт хийх.

26.3.Улсын хилийн зурваст дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

26.3.1.улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх;

26.3.2.улсын хилийн тэмдэг, холбоос, хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийг эвдэх, гэмтээх, хөдөлгөх, шилжүүлэх;

26.3.3.энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, хилийн усны гольдрол, түвшин, чиглэлийг өөрчлөх, урсгалыг боох, суваг шуудуу татах, барилга байгууламж барих;

26.3.4.улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийн цаана гарах, улсын хилийн шугам, тэмдэг дээр очих;

26.3.5.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад саад учруулсан үйл ажиллагаа явуулах, улсын хил хамгаалах байгууллагад урьдчилан мэдэгдэхгүйгээр тэсэлгээ хийх;

26.3.6.цацраг идэвхт, химийн хорт бодис байрлуулах, тараах;

26.3.7.улсын хилийн шугамаас 2000 метрийн дотор агнуурын амьтан агнах, барих, амьтныг хөөж хил давуулах;

26.3.8.хариулгагүй мал байлгах;

26.3.9.улсын хилийн шугам, хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийн хооронд улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй айл нутаглах;

26.3.10.хуулиар хориглосон арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барих.

26.4.Улсын хилийн зурваст энэ хуулийн 26.2.2-т заасан үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн хилийн хэсэгт хил хамгаалалтын нэмэгдэл арга хэмжээ авахад шаардагдах хөрөнгийг хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.