3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."байнгын ажиллагаатай боомт" гэж Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг;

3.1.2."боомтын дэд бүтэц" гэж хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хилийн боомтод тавих аюулгүй байдлын шаардлагыг хангасан инженерийн дэд бүтцийг;

3.1.3."гэрээт хилчин" гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг;

3.1.4."зорчигч" гэж улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг бүхий, хилийн боомтоор нэвтэрч байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

3.1.5."олон улсын боомт" гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

3.1.6."түр ажиллагаатай боомт" гэж боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу түр хугацаанд ажиллах боомтыг;

3.1.7."тээврийн хэрэгсэл" гэж хилийн боомтоор улсын хил нэвтэрч байгаа бүх төрлийн агаарын хөлөг, хөвөх хэрэгсэл, галт тэрэг, автомашин, мотоцикль, өөрөө явагч хэрэгслийг;

3.1.8."улсын хил дамнасан байгууламж" гэж улсын хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос болон хий дамжуулах хоолой, холбоо, цахилгааны шугам, гүүр, усны далан, хашлага болон бусад байгууламжийг;

3.1.9."улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж" гэж хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий саад, мөр хянах зурвас, зам, гүүр, хянах цамхаг, холбоо, дохиолол хяналтын техник хэрэгсэл, замын хаалт болон бусад байгууламжийг;

3.1.10."улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүн" гэж улсын хил хамгаалалтад туслах хүчний бүрэлдэхүүнд орсон Монгол Улсын иргэнийг;

3.1.11."улсын хил хамгаалах байгууллага" гэж Монгол Улсын хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, түүний харьяа хилийн цэргийн анги, салбарыг;

3.1.12."хилийн боомт" гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг;

3.1.13."хил орчмын оршин суугч" гэж хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг;

3.1.14."хил орчмын нутаг дэвсгэр" гэж хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг;

3.1.15."хилийн ус" гэж Усны тухай хуулийн 3.1.11-д заасныг;

3.1.16.“хилийн хяналтын байгууллага” гэж улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, гадаадын иргэн, харьяатын байгууллагыг; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.17."хилийн манаа" гэж Монгол Улсын хил хамгаалах тушаал биелүүлж байгаа зэвсэглэсэн нэг, эсхүл хэд хэдэн хилчнийг;

3.1.18."хилчин" гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;

3.1.19."хоёр талын боомт" гэж хил залгаа улстай хилийн боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын болон хил залгаа улсын зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

3.1.20."хөвөх хэрэгсэл" гэж өөрөө явагч, эсхүл өөрөө үл явагч усан дээрх хөдөлгөөнт төхөөрөмжийг;

3.1.21."хяналт шалгалтын бүс" гэж хилийн хяналтын байгууллага хилийн боомтод хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.