36 дугаар зүйл. Улсын хил хамгаалах байгууллагын бүрэн эрх
36.1.Улсын хил хамгаалах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
36.1.1.улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршил, тэдгээрийг арчлан хамгаалах, хилийн тэмдгийг засварлах, сэргээх, босгох, улсын хил дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэх;
36.1.2.улсын хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс хилийн зурвас, бүс, хил орчмын нутаг дэвсгэрт хүч хэрэгслээ байрлуулах, инженер, техникийн болон зам харилцааны байгууламж барьж байгуулах;
36.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын баримт бичгийг шалгах, хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, манаагаар дагалдуулах;
36.1.4.хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хил нэвтрүүлэхдээ баримт бичгийг шалгах, тэмдэглэл хийх, зөрчилтэй баримт бичгийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлэх;
36.1.5.улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх;
36.1.6.хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл, тусгай ажиллагаа явуулах;
36.1.7.хилийн эрэл, тусгай ажиллагааны үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байр, орон сууцанд нэвтрэх, үзлэг хийх, эрэл явагдаж байгаа зурвас дахь төмөр замын өртөө, зөрлөг, нисэх буудал, тээврийн товчоо, хилийн боомтод орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд зогсоох, шалгах;
36.1.8.хил зөрчигчийг эрэх, саатуулах үед зайлшгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийг дайчилж, зохих хөлс, зардлыг олгох;
36.1.9.хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг шалгах зорилгоор зургаан цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд, эсхүл эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх;
36.1.10.хилийн зөрчилтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, зөрчлийг арилгуулах;
36.1.11.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журамд хяналт тавихын тулд зайлшгүй шаардлагатай бүртгэл хөтлөх;
36.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;
36.1.13.хилийн боомт бус газраар хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх;
36.1.14.улсын хилийн болон хилийн боомтын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.
36.2.Улсын хил хамгаалах байгууллага энэ хуулийн 36.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд зэвсэгт хүчин, тагнуул, цагдаагийн болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллана.