45 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
45.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг улсын хил хамгаалах байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.
45.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
45.2.1.хилчин болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар бүлэглэн довтолсон, эсэргүүцсэн;
45.2.2.улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан, халдахыг завдсан;
45.2.3.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгааг таслан зогсоох, баривчлах;
45.2.4.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн бүлэг зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
45.2.5.хилийн болон хил орчмын дэглэмийг бүлэглэн зөрчиж байгаа, эсхүл хилийн боомтод үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хүч хэрэглэсэн жагсаал, цуглааныг албадан тараах үед.
45.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:
45.3.1.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулах;
45.3.2.тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар мэдээлэх.
45.4.Энэ хуулийн 45.3-т заасан анхааруулга, мэдээллийг тусгай хэрэгслийн нөлөөлөлд өртөж болох хүмүүсийн дийлэнх хэсэгт хүргэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан зохион байгуулна.
45.5.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг энэ хуулийн 45.3.1-д заасны дагуу анхааруулснаас хойш заасан хугацаанд үйлдлээ зогсоогоогүй, шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн бол шууд хэрэглэнэ.
45.6.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа ажиллагааг явуулсан байгууллага нь холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран доор дурдсан арга хэмжээг авна:
45.6.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх, химийн болон аюултай хорт бодис алдагдах, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж, аюулгүй болгох;
45.6.2.эмнэлгийн анхны туслалцаа үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах;
45.6.3.орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
45.6.4.тусгай хэрэгслийн үйлчлэл дуусах, эсхүл үүссэн аюултай нөхцөл байдал арилах хүртэл тухайн орчинд эргүүл, хамгаалалт гаргаж, зөвлөгөө, сануулга өгөх.