4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ахмадын байгууллага"гэж ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх байгууллагыг;

4.1.2."ахмадын сан" гэж ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын төсөв, үйл ажиллагааны орлогоос хуульд заасан хувь, хэмжээгээр тооцож бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4.1.3."ахмад настанд үзүүлэх дэмжлэг" гэж ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих төрийн үйлчилгээг;

4.1.4."ахмад настанд үзүүлэх үйлчилгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.5."насны хишиг" гэж 65, түүнээс дээш настай ахмад настанд олгох тэтгэмжийг;

4.1.6."ахмад настны эсрэг хүчирхийлэл" гэж аливаа этгээд ахмад настны эрх, эрх чөлөөг зөрчиж, түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.1.7.“ахмад настны цогц үнэлгээ” гэж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.8.“ахмад настны цогц тусламж, үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд суурилан ахмад настны хам шинж, асран хамгаалал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг эрэмбэлэн хэрэгцээг тогтоож, төлөвлөгөөний дагуу цогц үйлчилгээ үзүүлж, эргэн хянах үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.9.“ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ” гэж ахмад настны асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн ахмад настныг төрөлжсөн асрамжийн, гэрээр, асралт гэр бүлээр, өдрөөр, түр, урт хугацаагаар, байнга асрах үйлчилгээг төрийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан, эсхүл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.10.“ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.21-д заасан сэргээн засах цогц үйл ажиллагааг ахмад настанд үзүүлэхийг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.11.“ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний мэргэжлийн удирдлага” гэж ахмад настанд үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах үйл ажиллагааг. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.