7 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ

7.1.Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:

7.1.1.лавлагаа, мэдээллийн үйлчилгээ;

7.1.2.зөвлөгөө өгөх үйлчилгээ;

7.1.3.явуулын үйлчилгээ;

7.1.4.өдрийн үйлчилгээ;

7.1.5.сайн дурын үйлчилгээ;

7.1.6.өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ;

7.1.7.ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.8.хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;

7.1.9.гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах үйлчилгээ.

7.1.10.ахмад настны хөгжлийг дэмжих үйлчилгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.11.ахмад настны зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.12.ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг дараахь хэлбэрээр зохион байгуулна:

7.2.1.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, ахмадын байгууллага нь ахмад настан, түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагчид дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэх, сургалт зохион байгуулах;

7.2.2.ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;

7.2.3.ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэгт туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах;

7.2.4.ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсхүл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах;

7.2.5.ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтны үйл ажиллагааг зохион байгуулах;

7.2.6.хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настныг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвөөс өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээнд хамруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх;

7.2.7.бие даан амьдрах чадваргүй ахмад настныг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан асрамжийн үйлчилгээнд хамруулах;

7.2.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгох;

7.2.9.шаардлагатай тохиолдолд ахмад настныг холбогдох хуульд заасны дагуу хүчирхийллээс хамгаалах үйлчилгээнд хамруулах;

7.2.10.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан болон сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь ахмад настны нөхцөл байдлыг судлан, хэрэгцээт дэмжлэг, туслалцаа, үйлчилгээг тодорхойлж, тэдгээрээс сонголт хийхэд туслах, зөвлөгөө өгөх. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.11.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний эрүүл мэнд, ачааллыг үнэлэн ахмад настныг энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээнд хамруулах, эсхүл гэр бүлийн бусад гишүүний асрамжид шилжүүлэх талаар санал гаргах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.12.энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд ахмад настан сайн дурын үндсэн дээр оролцох, шаардлагатай тохиолдолд цахимаар хийх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.13.ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, соёл, урлаг, спорт, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, сурч хөгжихөд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан үйл ажиллагааны журмыг дараах байдлаар баталж, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.1.энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, 7.1-д заасан үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.2.энэ хуулийн 7.1.6, 7.1.12-т заасан үйлчилгээг үзүүлэх эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага 7.3.1-д заасан журмын дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлнэ.

7.5.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газрыг төрөөс бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба санхүүжүүлэх журмыг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

7.6.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аймаг, дүүрэг, сум, тосгон, хороонд “Ахмадын өргөө” болон сэргээн засах, идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийг байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.7.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, арга хэмжээнд чиглэсэн хандив, тусламж үзүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага дэмжиж, хамтран ажиллана.

7.8.Энэ хуулийн 7.6-д заасан “Ахмадын өргөө”, бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.