6 дугаар зүйл. Ахмад настны эрх
6.1.Эрүүл мэндийн байдалд нь харшлахгүй бол ахмад настан өөрийн хүсэл, сонирхлын дагуу бие даан амьдрах эрхтэй.
6.2.Ахмад настан хүнс тэжээл, орон байраар хангагдах, ахуйн болон эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийг холбогдох хуулиар зохицуулна.
6.3.Ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.
6.4.Ахмад настан үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүнээс туслалцаа, дэмжлэг авах эрхтэй.
6.5.Ахмад настан нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд бие даан, эсхүл ахмадын байгууллага, хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ, тусламж авах, нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно.
6.6.Ахмад настан нэр төрөө хүндлүүлэх эрхтэй бөгөөд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад саналаа өгөх, хэрэгжилтэд нь зөвлөх, залуу үед мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, өвлүүлэн үлдээх хэлбэрээр нийгмийн үйл хэрэгт оролцоно.
6.7.Ахмад настан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй.
6.8.Ахмад настан өөрийгөө хөгжүүлэх эрхтэй бөгөөд өөрийн чадавхийг хөгжүүлэх бололцоогоор хангагдах, сургалтад хамрагдах хэлбэрээр энэ эрхээ эдэлнэ.
6.9.Ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно.
6.10.Гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах, хязгаарлах, түүнийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийхийг хориглоно.
АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭМЖЛЭГ, ХҮНДЭТГЭЛ