13 дугаар зүйл. Арбитрчийг томилох журам
13.1.Талууд дараахь шаардлагыг хангасан этгээдийг арбитрчаар томилж болно:
13.1.1.талуудын харилцан тохиролцож тогтоосон мэргэжил, ур чадварын тусгай шаардлагад нийцсэн;
13.1.2.хараат бус, бие даасан байх;
13.1.3.өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглосон хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх.
13.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол хэнийг ч иргэний харьяаллаас нь шалтгаалж арбитрчаар томилохоос татгалзаж болохгүй.
13.3.Талууд энэ хуулийн 13.5, 13.6, 13.7, 13.8-д зааснаас бусад тохиолдолд арбитрчийг томилох журмыг харилцан тохиролцож тогтоох эрхтэй.
13.4.Талууд арбитрчийг томилох журмыг тохиролцоогүй бол дараахь журмыг баримтална:
13.4.1.арбитрын ажиллагаанд гурван арбитрч оролцох бол тал тус бүр нэг арбитрчийг томилох ба томилогдсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилно. Арбитрч томилох тухай хүсэлтийг нөгөө талаас хүлээн авсан тал тийнхүү хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрчаа томилоогүй, эсхүл хоёр арбитрч томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрээгүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрчийг шүүх, эсхүл талуудын сонгосон арбитрын дүрэмд заасан, эсхүл талуудын тохиролцсон эрх бүхий этгээд /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ томилно;
13.4.2.арбитрын ажиллагаанд нэг арбитрч оролцох үед талууд арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрээгүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрчийг шүүх, эсхүл эрх бүхий этгээд томилно.
13.5.Талууд арбитрчийг томилох журмыг харилцан тохиролцсон боловч дараахь нөхцөлийн аль нэг үүссэн бөгөөд арбитрчийг томилох өөр аргыг уг журамд заагаагүй бол аль нэг тал арбитрч томилуулах хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй:
13.5.1.аль нэг тал арбитрчийг томилох үүргээ биелүүлээгүй;
13.5.2.талууд, эсхүл тэдгээрийн томилсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрч чадаагүй;
13.5.3.арбитрчийг томилох журмаар эрх олгосон байнгын арбитр, эсхүл эрх бүхий этгээд арбитрчийг томилох үүргээ хэрэгжүүлээгүй.
13.6.Энэ хуулийн 13.4, 13.5-д заасан асуудлаар гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байна.
13.7.Шүүх арбитрчийг томилохдоо арбитрын хэлэлцээрт заасан шаардлагыг харгалзах бөгөөд арбитрчийн хараат бус, бие даасан байх шаардлага хангасан этгээдийг арбитрчаар томилно.
13.8.Шүүх олон улсын арбитрын маргааны хувьд маргааныг дангаар шийдвэрлэх арбитрч, эсхүл гурав дахь арбитрчийг томилохдоо боломжтой бол талуудаас өөр иргэншилтэй арбитрчийг томилно.