36 дугаар зүйл. Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа

36.1.Талуудын тохиролцоог зөрчихөөргүй бол арбитрын бүрэлдэхүүн нотлох баримтыг танилцуулах, мэтгэлцэхэд талуудыг биечлэн оролцуулж хуралдах, эсхүл арбитрын ажиллагааг цугларсан баримт бичиг, бусад баримт сэлтийг үндэслэн явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

36.2.Биечлэн оролцох хуралдаан хийхгүй байхаар талууд тохиролцсоноос бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр арбитрын ажиллагааны зохих шатанд биечлэн оролцох хуралдаан явуулах үүрэгтэй.

36.3.Бараа, бусад хөрөнгө, баримт бичгийг шинжлэн судлах зорилгоор хийх биечлэн оролцох хуралдаан, эсхүл арбитрын бүрэлдэхүүний уулзалтын талаархи мэдэгдлийг талуудад хангалттай хугацааны өмнө хүргүүлсэн байна.

36.4.Нэг талаас арбитрын бүрэлдэхүүнд ирүүлсэн тайлбар, баримт бичиг, бусад мэдээллийг нөгөө талд заавал хүргүүлнэ.

36.5.Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үндэслэл болгож болох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг талуудад мөн адил хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.