47 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах
47.1.Талууд арбитрын үндсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 47.2, 47.3-т заасан үндэслэл, журмын дагуу арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө шүүхэд гаргана.
47.2.Энэ хуулийн 47.5-д заасан шүүх нь арбитрын үндсэн шийдвэрийг зөвхөн дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
47.2.1.өргөдөл гаргагч тал дараахь аль нэг нөхцөл байдлыг нотолсон:
47.2.1.а.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тийнхүү тохиролцон сонгоогүй бол Монгол Улсын хуульд зааснаар хүчин төгөлдөр бус;
47.2.1.б.өргөдөл гаргагч талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүйн улмаас арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцох боломжгүй байсан;
47.2.1.в.арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй маргааны талаар үндсэн шийдвэр гаргасан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүчингүй болгоно;
47.2.1.г.талуудын тохиролцоо нь энэ хуулийн заавал дагаж мөрдөх заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын тохиролцоонд нийцээгүй, эсхүл тийнхүү тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа нь энэ хуульд нийцээгүй.
47.2.2.шүүх дараахь нөхцөл, байдлыг тогтоосон бол:
47.2.2.а.Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;
47.2.2.б.арбитрын үндсэн шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.
47.3.Талууд арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 46 дугаар зүйлийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээс хойш дотоодын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, олон улсын арбитрын ажиллагааны хувьд 90 хоногийн дотор энэ хуулийн 47.1-д заасан өргөдлийг шүүхэд гаргана.
47.4.Аль нэг тал хүсэлт гаргасан бөгөөд арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл хүлээн авсан шүүх боломжтой гэж үзсэн бол арбитрын ажиллагааг сэргээж, арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг арилгах боломжийг арбитрын бүрэлдэхүүнд олгох зорилгоор арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаа тогтоон түдгэлзүүлж болно.
47.5.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг энэ хуулийн 6.2-т заасан шүүхэд гаргах бөгөөд уг өргөдлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГҮЙЦЭТГЭХ