11 дугаар зүйл. Бэлэн байдлын зэрэгт болон олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд шилжүүлэх
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтан холбогдох шийдвэрийн дагуу өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.2.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар, шат дараалан, эсхүл шууд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.2.1.энэ хуулийн 11.2-т заасан "бүрэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг бүхэлд нь, "хэсэгчилсэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим хэсэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн тодорхой хэсгийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг ойлгоно.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
11.3.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дараахь албан тушаалтан гаргана: /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.3.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Онцгой комиссын дарга;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллага болон тухайн сум, дүүргийн Онцгой комиссын даргын саналыг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.3.улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.4.шаардлагатай тохиолдолд хариуцсан салбар, байгууллагыг гамшгаас хамгаалах улсын албаны дарга.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.5.олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно.
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
11.4.Энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэлийг тусгаж шийдвэрийн төслийг хавсаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.5.Энэ хуулийн 13.3.1-д заасан сургалтын үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтан бэлэн байдлын зэргийг сунгах, бууруулах, цуцлах шийдвэрийг гаргана. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./