10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах

10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна:

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;

10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;

10.1.3.бүх нийтийн бэлэн байдал.

10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна:

10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;

10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;

10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;

10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.

10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: //Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

10.4.4.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.7.харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.8.голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.9.нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.10.төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.11.улсын онц чухал, төрийн тусгай хамгаалалтад байгаа болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.12.стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.13.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.14.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.15.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.16.химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.17.зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

10.9.Энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд доор дурдсан шаардлагыг нэг мөр хангана:

10.9.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

10.9.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

10.9.3.энэ хуулийн 10.9.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх;

10.9.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.10.Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.11.Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.