9 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг бууруулах
9.1.Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, хуулийн этгээд дараахь арга хэмжээг авна:
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.1.болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах;
9.1.2.барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улс, орон нутгийн төсөвт байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангах;
9.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;
9.1.4.гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;
9.1.5.хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох.
9.2."Бүтцийн арга хэмжээ" гэж барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.3."Бүтцийн бус арга хэмжээ" гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон бусад арга хэмжээг ойлгоно.