26 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
26.1.Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар дүрэм, журмыг батлах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлах, гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг оролцуулах шийдвэрийг зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр гаргах;
26.1.4.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах шийдвэр гаргах;
26.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.1.6.гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
26.1.7.Улсын онцгой комиссын саналын дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох, холбогдох хөрөнгийг шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
26.1.8.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглох.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./