32 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

32.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;

32.1.2.нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;

32.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.1.4.гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын байгууллагад мэдээлэх, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа, дэмжлэг авах;

32.1.5.хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах;

32.1.6.нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

32.1.7.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах;

32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

32.1.9.гамшиг болон аюулын үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүч хэрэгслийг татан оролцуулах;

32.1.10.орон нутгийн онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг ажиллах нөхцөл, боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх;

32.1.11.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийн байнгын бэлэн байдлыг хангах;

32.1.12.гамшгийн эрсдэлийн болон гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийлгэж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

32.1.13.тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх.

32.1.14.онцгой байдлын байгууллагын салбар, нэгжгүй сум, суурин газарт гамшгаас хамгаалах асуудлыг Засаг даргын тамгын газрын аль нэг албан тушаалтанд хавсран гүйцэтгүүлнэ.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

32.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 32.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.