4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.2."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;"
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.3."осол" гэж уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг;
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.4."гамшгийн эрсдэл" гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;
4.1.5."аюул" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.6."эмзэг байдал" гэж аюулт үзэгдэл, осолд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7."гамшгаас хамгаалах үйл ажиллагаа" гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхийг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.8."гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа" гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;
4.1.9."гамшгийн зарлан мэдээлэл" гэж олон нийтэд хүргэх дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг;
4.1.10.“эрэн хайх, аврах ажиллагаа” гэж голомтын бүсэд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.11."голомтын бүс" гэж гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын улмаас хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоон, эсхүл шууд эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа объект, нутаг дэвсгэрийг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.12."нэрвэгдэгсэд" гэж гамшиг, аюулын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэдийг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.13."гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах" гэж эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хүч хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай барилга байгууламж, газрыг ашиглахыг;
4.1.14."гамшгийн хор уршиг" гэж гамшиг, аюулын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, дэд бүтэц эвдэрсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн зэрэг сөрөг үр дагаврыг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.15."гамшгийн хор уршгийг арилгах" гэж энэ хуулийн 4.1.14-т заасан үр дагаврыг зогсоох, бууруулах, хохирол багатай давахад чиглэсэн хойшлуулшгүй арга хэмжээг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.16."хойшлуулшгүй сэргээн босгох" гэж гамшиг, аюулын улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.17."мэргэжлийн анги" гэж сум, дүүрэг, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан, аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэхэд сургаж бэлтгэгдсэн орон тооны бус томилгоот нэгжийг;
4.1.18."сайн дурын хэсэг" гэж сайн дурын үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор зохих сургалтад хамрагдсан иргэдийг;
4.1.19."гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж аюулт үзэгдэл, ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.1.20."гамшгаас урьдчилан сэргийлэх" гэж аюулт үзэгдэл, ослын хор уршиг, хохирол, сөрөг үр дагавраас зайлсхийх, таслан зогсоох, бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.1.21."хүмүүнлэгийн тусламж" гэж иргэн, байгууллага, хуулийн этгээдээс гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж сайн дурын үндсэн дээр өгч байгаа мөнгөн хөрөнгө, техник хэрэгсэл, бараа материал, ажил, үйлчилгээг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.1.22."хорио цээрийн дэглэм" гэж цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, таслан зогсоох зорилгоор халдварласан, халдвар тээгч, халдварласан байж болзошгүй сэжиг бүхий болон тэдгээрийн харьцагч, хавьтагч хүн, мал, амьтан, эд материалыг тусгай нөхцөлд тогтоосон хугацаагаар бусдаас тусгаарлах, эмчлэх, сувилах, хяналт-ажиглалтад байлгах, ариутгахыг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.1.23."хязгаарлалтын дэглэм" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.1.24."бэлэн байдал" гэж гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./