45 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагч
45.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасан шаардлага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.
45.2.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
45.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалт нэгэн адил хамаарна.
45.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
45.5.Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг бүртгэх, хадгалах, хамгаалах асуудал эрхэлж байгаа ажилтан нь энэ хуульд заасан алба хаагчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээж эрх зүйн баталгаагаар хангагдана.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./