20 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын удирдлага
20.1.Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
20.2.Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
20.3.Цагдаагийн төв байгууллага тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна.
20.4.Энэ хуулийн 20.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргаар цагдаагийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, нийтийн хэв журам хамгаалах, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.