21 дугаар зүйл. Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх
21.1.Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;
21.1.2.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
21.1.3.цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;
21.1.4.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
21.1.5.гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох;
21.1.6.албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;
21.1.7.цагдаагийн байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;
21.1.8.цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
21.1.9.цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
21.1.10.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.11.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох;
21.1.12.цагдаагийн дээд цолноос бусад цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах;
21.1.13.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
21.1.14.халхавчийн байгууллага байгуулах, татан буулгах, нууц гүйцэтгэх ажилтан ажиллуулах, халах шийдвэр гаргах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
21.1.15.цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах; /Энэ заалтад "гүйцэтгэх ажлын" гэснийг "гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны" гэж, "тусгай хяналтын" гэснийг "Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын" гэж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
21.1.16.цагдаагийн байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг цагдаагийн төв байгууллага, харьяа алба, нэгж, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах;
21.1.17.хуульд заасан бусад.
21.2.Энэ хуулийн 6.5, 6.6, 17.1-д заасан нэгжийн бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.
21.3.Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧИЙН ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ