22 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага

22.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.

22.2.Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.

22.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч баривчлагдсан, түр саатуулагдсан насанд хүрээгүй этгээдийн 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл садангийн хүнд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй.

22.4.Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.

22.5.Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

22.6.Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ.

22.7.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрэмт хувцас, албаны өрөө, тээврийн хэрэгсэлд дуу-дүрсний бичлэг хийх техник, хэрэгслийг суурилуулан ашиглаж болно.

22.8.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ.

22.9.Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана.

22.10.Цагдаагийн алба хаагчийн үндэслэл бүхий сэжиг нь хуульд заасан ажиллагааны явцад батлагдаагүй нь тухайн алба хаагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.