23 дугаар зүйл. Шаардлага тавих

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Шаардлага тавих

23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

23.2.Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.

23.3.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно.

23.4.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад баримт эд зүйлийг гаргаж өгөхийг шаардаж болно.

23.5.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.

23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.