25 дугаар зүйл. Хүний бичиг баримт шалгах
25.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараахь тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана:
25.1.1.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд тухайн газар, эсхүл түүний ойролцоо байсан, эсхүл гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгч чадна гэх үндэслэлтэй;
25.1.2.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй;
25.1.3.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, хамгаалалтын бүсээс тээврийн хэрэгсэл, хүнийг гаргах, эсхүл нэвтрүүлэх;
25.1.4.эрх нь хязгаарлагдсан, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хүн хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлтэй;
25.1.5.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа гэх үндэслэлтэй;
25.1.6.хууль тогтоомжид заасны дагуу хамгаалалтад байгаа обьектод нэвтрэх хүнийг бүртгэх;
25.1.7.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, химийн хорт бодист хордсоны улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүний нэр, хаягийг тогтоох;
25.1.8.гэмт хэрэг, зөрчлийн газарт үйлдэл дээрээ баригдсан этгээдийн нэр, хаягийг тогтоох;
25.1.9.хуульд заасан журмын дагуу тээврийн хэрэгслийг түр зогсоосон бол тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүний жолоодох эрхийн үнэмлэх, зөвшөөрлийг шалгах;
25.1.10.хуульд заасан насны хязгаарт хүрсэн эсэхийг тогтоох.
25.2.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа хүний бичиг баримтыг шалгахдаа нүүр болон нийтэд ил харагдах биеийн бусад хэсгийг хаасан зүйлийг авах, халхлах аливаа үйлдэл хийхгүй байхыг шаардах, нэр, хаяг, зөвшөөрөл, бүртгэлийг шалгах, бичиг баримт нь гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, эсхүл үйлдэх замаар олж авсан, эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор бичиг баримт шалгах үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих ажиллагааг явуулна.
25.3.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа хүний бичиг баримтыг шалгахдаа нэгээс хоёр алхмын зайтай зогсоож, ажиллагааг дуустал түүнийг гарын алгаа ил харагдахаар байрлуулж, тухайн газраас явахыг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлага тавьж болно.
25.4.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардсан бол тухайн хүн бичиг баримтаа шалгуулах, эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн огноог хэлэх үүрэгтэй.
25.5.Хүний бичиг баримтыг шалгасан цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардлагатай бол дараахь ажиллагааг явуулна:
25.5.1.амиа хорлохыг завдсан, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй, эсхүл сэтгэцийн эмнэлгээс оргосон хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх;
25.5.2.оргон зайлсан болон эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх баримт, үндэслэл бүхий сэжиг байгаа бол баривчлах, цагдаагийн байгууллагад хүргэх;
25.5.3.хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнтэй хамт яваа бага насны хүүхэд, эрх зүйн чадамжгүй хүнийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх;
25.5.4.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах;
25.5.5.зөрчил үйлдсэн хүний нэр, хаяг тодорхойгүй бол нэр, хаягийг тогтоох, зөрчлийг шалгаж шийдвэрлэх зорилгоор түр саатуулах;
25.5.6.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд баривчлах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх;
25.5.7.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх;
25.5.8.зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх.
25.6.Цагдаагийн алба хаагч хүний бичиг баримтыг биечлэн шалгаж болно.
25.7.Цагдаагийн алба хаагч хүний бичиг баримтыг шалгах явцад дараахь үндэслэл бүхий сэжиг илэрсэн тохиолдолд энэ хуулийн 24, 26, 29, 30 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулна:
25.7.1.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхээр завдсан, бэлтгэсэн гэх;
25.7.2.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа гэх;
25.7.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх;
25.7.4.хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйл, эсхүл хуулиар хязгаарласан, хориглосон, хууль бусаар олж авсан эд зүйлийг биедээ авч яваа, бусдад дамжуулсан, худалдсан гэх;
25.7.5.бичиг баримт, эд зүйл нь гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, эсхүл үйлдэх замаар олж авсан, эрэн сурвалжлагдаж байгаа гэх.